Байгаль орчин

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ
 

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг хэлнэ.

Хоёр ерөнхий үе шаттай:
1. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ
Төсөл хэрэгжүүлэгч дараах материелыг бүрдүүлэн БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт хүргүүлнэ. Үүнд:
1.      Тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт бүхий албан бичиг (холбогдох хаяг, холбоо барих утас тодорхой байх шаардлагатай);
2.      Тухайн сумын (дүүргийн) Засаг даргын санал;
3.      Холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл;
4.      Төслийн товч тодорхойлолт (төслийн байршил, төсөл хэрэгжүүлэгчийн хаяг, төслийн хүчин чадал, түүхий эдийн эх үүсвэр бэлтгэн нийлүүлэлт, эцсийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, төслийн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтэц болох зам харилцаа, цахилгаан, дулаан, усны нөөцийн хэмжээ, эх үүсвэрийн талаарх мэдээлэл, төслөөс гарах хог хаягдал, завсрын бүтээгдэхүүн, тэдгээрийг хэрхэн устгах, зайлуулах талаарх мэдээлэл зайлшгүй орсон байх шаардлагатай);
5.      Төсөл хэрэгжих орчны тойм зураг;
6.      Төсөл хэрэгжих газар нутгийн төлөв байдлын судалгаа;
7.      Төсөлд ашиглагдах технологи, технологийн шийдэл (байгалийн баялгийг хэмнэлттэй ашиглах, хог хаягдал бага гаргах гэх мэт байгальд ээлтэй технологийн судалгаа хийсний дүнд төсөлд ашиглагдах технологийг шийдсэн байх);
8.      Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хөтөлбөрт туссан эсэх (газрын зөвшөөрөл, эсвэл түрээсийн гэрээний хуулбар, газрын кадастрын зургийн хуулбар, тусгай хамгаалалттай газарт байрлах бол тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ, газар ашиглах талаар гарсан шийдвэр);
9.      Аж ахуйн, нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар;
10.  Төсөлд ашиглагдах түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгчийн талаарх мэдээлэл, гэрээ байгуулсан бол гэрээний хувийг хавсаргасан байх шаардлагатай.
Ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан гаргана (албан тушаалтны шийдвэрээр ажлын 14 хоногийн хугацаагаар нэг удаа сунгаж болно).


2. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажил дараах үе шаттай явагдана. Үүнд:
1.      Төсөл хэрэгжүүлэгч БОНХЯ-аас гаргасан Ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хүлээн авсны дараа нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий байгууллагыг сонгон гэрээ байгуулна. Тухайн сонгосон байгууллагад дараах материалуудыг хүргүүлнэ:
а. Ерөнхий үнэлгээний дүгнэлт;
б. Ерөнхий үнэлгээ хийлгэхэд бүрдүүлж өгсөн бүх материал (2-10 дугаар);
в. Гүйцэтгэгч байгууллага нэмэлт материал шаардаж болно.
2.      Гүйцэтгэгч байгууллагын шинжээчид төслийн материалуудтай танилцсаны дараа төсөл хэрэгжих талбайд (орон нутагт) очиж хээрийн судалгаа явуулна.

3.      Нарийвчилсан үнэлгээний ажлыг гүйцэтгэж, тайланг боловсруулж дууссаны дараа захиалагчид танилцуулж албан ёсны санал авна. Захиалагч өөрийн санал (засвар)-ыг тайланд оруулж болно.

4.      Нарийвчилсан үнэлгээний ажлын тайланг баг (хорооны) Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж (хэлэлцүүлж), ИТХ-ын тэргүүлэгчээс албан ёсны санал авна. Тухайн саналыг сум (дүүргийн) ИТХ-ын тэргүүлэгч баталгаажуулсан байна (саналыг ажлын 14 хоногт багтаан гаргаж өгөх ёстой).

5.      Нарийвчилсан үнэлгээний тайланг Ерөнхий үнэлгээнд заасан хугацаанд хавсралт бичиг баримтын хамт БОНХЯ-нд батлуулахаар хүргүүлнэ.

6.      Тайланг хүлээн авсан шинжээч (ерөнхий үнэлгээ хийсэн шинжээч) ажлын 18 хоногт багтаан тайланг судалж, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төслийг боловсруулна (хугацааг 1 удаа ажлын 18 хоногоор сунгаж болно). 

7.      Яамны шинжээч тайлан,  гаргасан дүгнэлт (шүүмж) болон шийдвэрээ Мэргэжилийн зөвлөлийн хуралд танилцуулж, хэлэлцуулнэ. Гүйцэтгэгч байгууллагын шинжээчид ажлын тайланг Мэргэжилийн зөвлөлийн өмнө хамгаална. Мэргэжилийн зөвлөл хэлэлцэж үнэлгээний ажлын тайланг батлах шийдвэр гаргах бөгөөд ямар нэгэн шүүмж хийн засвар хийлгэхээр гүйцэтгэгчид буцааж болно.          

8.      Мэргэжилийн зөвлөлөөс үнэлгээний ажлын тайланг батлах шийдвэр гарсны дараа БОНХЯ-ны Ерөнхий шинжээч (Хүрээлэн буй орчин, нөөцийн газрын дарга) гарын үсэг зурж, Сайдын туслах тамга дарж албан ёсоор тайланг батална.

9.      Үнэлгээний ажлын тайлан батлагдсан бол гүйцэтгэгч байгууллага 4 % бэлтгэж нэг хувийг БОНХЯ-нд, нэг хувийг сумын (дүүрэг) Засаг даргын тамгын газарт, нэг хувийг төсөл хэрэгжүүлэгчид хүргүүлж, нэг хувийг өөртөө үлдээх бөгөөд тэдгээр нь адил хүчинтэй байна.  

No comments:

Post a Comment